Техник анализ гэж юу вэ? (Technical Analysis)

Техник анализ гэдэг нь зах зээлийн судалгааг тухайн зах зээлийн тоон үзүүлэлт, хувь, хүснэгт график, эрэлт нийлүүлэлтийн хэмжээ болон тухайн зах зээлийн өмнөх цаг үеийн тоон үзүүлэлтүүд гэх мэт дээр тулгуурлан цаашдын төлөвийг тодорхойлох үйл явц юм. Техник анализ нь хэрэглэж буй тоон үзүүлэлтүүдийн нарийвчлалаас ихээхэн шалтгаалах бөгөөд суурь анализийн нэгэн адилаар дангаар нь ашигласан ч амжилтанд хүрэх боломжтой гэдэг.

Техник анализад дараах үндсэн онолууд байдаг:

  • Зах зээл дээрх үйл явдлууд тоон үзүүлэлтээр илэрхийлэгддэг.
  • Түүх давтагддаг гэж үздэг ба графикийн тодорхой хэлбэрүүд нь цаашдын өөрчлөлтийг зөгнөдөг. Тэрхүү графикийн хэлбэрүүд нь ханшийн өөрчлөлтөөр үүсдэг бөгөөд signal буюу дохио гэж нэрлэгддэг байна. Тиймээс Техник Аналистийн зорилго нь өнгөрсөн үйл явдлуудын үр дүн, дохиог судалж үзээд цаашдын чиг хандлагыг тодорхойлох явдал юм.
  • Ханшийн графикийн хэлбэлзэл нь тодорхой урсгал чиглэлийн дагуу явагддаг бөгөөд өсөх, буурах, тогтмол гэсэн урсгалуудын аль нэг нь зонхилсон тохиолдолд нэг хэсэгтээ тэрхүү урсгалаа барьдаг гэж үздэг.

Хэрэгтэй үедээ орж зөв үедээ гарах

Хүмүүс арилжаанд орох болон гарах оновчтой үеийг сонгохдоо ханшийн графикийн хэлбэр байдлыг харж байгаад сонгодог. Үүний тулд юуны түрүүнд ханшийн өөрчлөлтийн ерөнхий чиг болон тухайн чиглэлийн цаашдын төлөвийг судалж үзэх шаардлагатай байдаг. Мөн техник анализ нь сахилга батыг өндөржүүлж сэтгэл хөдлөлийг багасгахыг шаарддаг.

Time frame – Хугацааны хүрээ

Ханшийн графикийн хамгийн чухал ойлголтуудын нэг нь Time Frame буюу хугацааны хүрээ юм. Энэ нь ямарваа нэг график дээр цаг хугацааны алхамыг хэдэн минут, цаг, өдөр, сараар харуулж байгаагаас шалтгаална. Жишээ нь, TM1 гэвэл графикын хугацааны алхам нь 1 минут, харин TM1 цаг байвал тухайн нэг алхам бүхэл бүтэн 1 цагийг төлөөлж буй хэрэг юм.

Графикийн төрлүүд

Bar chart, Candlestick, Line chart гэсэн ерөнхий 3 төрлийн графикийн хэлбэрүүд байдаг. Line chart гэдэг нь хамгийн энгийн бөгөөд ханшний өөрчлөлтийн явсан замыг харуулна.

Харин нөгөө 2 нь арай онцлогтой. Open High Low Close гэсэн 4 үндсэн эльемэнтээс бүрдэнэ. Open – тухайн мөчийн нээгдсэн ханш, High – тухайн хугацаан дахь буюу Time Frame дотор хамгийн өндөрт хүрсэн цэг, Low – тухайн хугацаан дахь хамгийн доош буусан цэг, Close – тухайн хугацааны хувьд хаагдсан ханшийг тус тус илэрхийлнэ.


Техник Индикаторын төрлүүд

Техник анализад төрөл бүрийн индикаторуудыг ашигладаг ба графиктайгаа хэрхэн холбох талаар платформтой ажиллах зааварчилгаан дээрээс харж болно. Эхлээд тэдгээрийн тухай товч танилцуулъя.

Trend – Чиглэл тодорхойлох индикаторууд
Чиглэл заагч индикаторууд нь ханшийн тоон өгөгдөлөөр аль чиглэлд тэмүүлж байгааг нь тодорхойлдог. (Жишээ нь: moving averages, trend lines)

Strength –Трэндийн эрч хүчийг тодорхойлдог индикаторууд
Энэ төрлийн индикаторууд нь графикийн чиглэл хэр зэрэг бат бөх болохыг харуудаг. Өгөгдөл нь тухайн нэгжийн зах зээл дээрх хэмжээ, хүү гэх мэт нарийн ширийн зүйлс ордог байна.

Volatility - Хэлбэлзэл
Энэ нь ханш дээшээ болон доошоо хэр зэрэг хэлбэлзэж болзошгүйг багцаална. (Жишээ нь: Bollinger Bands)

Cycle - Тойрог
Энэ төрлийн индикаторууд нь тодорхой хугацаан дахь давтамжийг тодорхойлно. (Жишээ нь: Elliott Wave)

Support/resistance – Дэмжигч/Эсэргүүцэгч
Ханшийн графикийн аль зүгт үргэлжилэхийг шийдвэрлэх цэгүүд юм. Support – нь графикийн чиглэлийн доор байрлах ба ханш тухайн цэг хүрээд буцаж дээшээ чиглэх магадлалтай. Хэрвээ эхний Support цэгийг өнгөрвөл ханш дараагийн Support хүртэл үргэлжилэх магадлал маш өндөр. Resistance нь мөн адил бөгөөд ялгаатай нь гэвэл графикийн дээгүүр байрлана. Ханш өсөөд Resistance цэгт тулахад буцаад буух магадлалтай. Хэрвээ хэтрээд явчихвал дараагийн Resistance хүртэл үргэлжилэнэ.

Momentum
Momentum индикатор нь чиглэл хэр эрчтэй болон сул байгааг харуулна. Трэнд үүсэх үед Моментум маш өндөр үзүүлэлттэй байх ба трэнд дуусах үеэр үзүүлэлт нь багасна. Үнэ болон моментум огтлолцвол трэнд суларч байгааг илтгэнэ. Хэрвээ моментум суларч байхад үнэ тогтворгүй болбол энэ нь тухайн чиглэл дэхь трэнд энд дуусч байгааг илэрхийлнэ. Харин моментум хүчтэй бөгөөд ханш хэлбэлзэл багатай бол шинэ трэнд үүсэхийн шинж. (Жишээ нь: Stochastic, MACD, RSI)


Техник индикаторуудыг ашиглах нь

Хэрвээ индикаторууд чиглэл өөрчлөгдөх төлөвтэй байна гэж зааж байвал та шийдвэр гаргахаасаа өмнө нягталж үзэх шаардлагатай. Тиймээс тухайн дохио дахин үзэгдэх хүртэл дахиад жаахан харзнах буюу эсвэл өөр нэг индикатороос чиглэл өөрчлөгдөх тухай дохио өгтөл хүлээх хэрэгтэй. Хүлээцтэй тэвчээртэй байх нь дохиог зөв ойлгож, зөв алхам хийхэд тустай байдаг.

Moving Averages индикаторын төрлүүд

Хамгийн өргөн хэрэгддэг индикатор болох Moving Average нь трэндийн мөн чанарыг ойлгоход их тустай эд юм. Хэрвээ үнийн муруй MA-ын дээр байвал трэнд дээш өгсөнө, харин доор нь байвал трэнд уруудаж байгаагийн шинж юм.

Simple moving average - Ер нь бол ханшийн хэлбэлзлийг дундачлан харуулж байгаа гэж ойлгож болно.

Weighted moving average – Энэ нь ханшийн хэлбэлзлийг дундачлан харуулахаас гадна хамгийн сүүлийн өөрчлөлтөд илүү ач холбогдол өгч харуулдаг.

Exponential moving average – Хамгийн сүүлийн үнийн өөрчлөлтийн хувийг түрүүчийн үнийн дунджаар үржүүлэн индикаторын утгыг гаргаж ирдэг.

Хамгийн оновчтой Moving Average болон хугацааны нэгжийг сонгох нь

Тухайн нэг валютын хослолд таарах MA болон хугацааны нэгжийг зөв сонгох нь маш чухал. Зөв сонгож чадвал тухайн хослолын трэндийн төлөв илүү тодорхой харагдах боломжтой. Тэрхүү оптимал хослолыг олохыг curve fitting буюу муруй нийцүүлэх гэдэг.

Муруйг нийцүүлэхийн тулд MA-г өмнөх графикаа янз бүрийн Time Frame дээр харжь алин дээр нь илүү оновчтой үзүүлж чадаж байгааг нь харах хэрэгтэй. Тэгээд хамгийн илүү оновчтой заасан Time Frame-ийг сонгодог.

Сонгосон валютын хослолдоо яг тохирох МА-г олсон бол тэр нь таны хувьд өгсөх трэндийн support, уруудах трэндийн resistance гэж үзэж болно. Үнийн график МА-тай огтлолцвол чиглэл өөрчлөгдөж байна гэсэн үг.

Гэхдээ урт хугацааны болон богино хугацааны МА-ууд нэг цаг мөчид өөр өөр үзүүлэлт заадаг. Урт хугацааны МА нь трэндийн ерөнхий чиглэлийг харуулдаг бол богино хугацааных нь тухайн мөч дэхь хөдөлгөөний чиглэлийг заадаг. Тиймээс валютын нэг хослол дээр МА-ийг өөр өөр Time Frame дээр ажиглаж байх хэрэгтэй. Хэрвээ урт болон богино хугацааны МА-ууд огтлолцвол трэнд дуусч байгааг илэрхийлэх ба энэ чиглэлд өгсөн захиалгаа хаах нь зүйтэй боловуу.

Stochastics – түүврийн утгаар харуулах индикатор

Stochastic болон oscillators нь трэндийн тогтворжилт болон үнийн чиг хандлагын өөрчлөлтийн дохиог хянахад хэрэглэгддэг. Stochastics нь хувиар илэрхийлэгдэх %K болон %D гэсэн 2 хэмжүүртэй. %K нь илүү хурдан бөгөөд мэдрэмтгий индикатор бөгөөд харин %D нь эсрэгээрээ. Хэрвээ индикаторын утга нь 20%-с доор байвал Oversold буюу дэндүү их sell хийгдсэн одоо нөгөө тийшээ чиглэл өөрчлөгдөж магадгүй, харин 80%-с их байвал дэндүү их Buy хийгдсэн байна гэсэн үг.
Stochastic нь жижиг давалгаатай болон хажуу тийш чиглэсэн (sideway) график дээр хэрэглэхэд тохиромжгүй. Энэ үед дэндүү олон огтлолцож толгой эргүүлнэ.

Relative Strength Index (RSI) - Харьцангуй хүчний индекс

Stochastics-ийн нэгэн адилаар RSI нь трэндийн эрч хүчийг 0-100%-р хэмжиж харуулдаг. Индикаторын үзүүлэлт нь 50 юмуу эсвэл 60%-с дээш байвал урт хугацааны чиглэл нь дээшээ, харин 50, эсвэл 40%-с доош байвал урт хугацааны чиглэл доошоо чиглэсэн байна гэсэн үг.
RSI-г заавал өөр нэг индикатортой хослуулж хэрэглэх нь зүйтэй. Мөн түүнчлэн яг тохирох Time Frame дээр тааруулах хэрэгтэй (MA тохируулсан шиг). Ер нь бол урт хугацааны Time Frame дээр илүү бодьтой заадаг.

Bollinger Bands (Жон Боллингер гэдэг хүн зохиосон тул ийм нэртэй болсон байна)

Bollinger Bands нь хэлбэлзлийн байж болох дээд доод хязгаарыг заах ба үнийн муруйны дээд доод 2 талаар явдаг. Аль нэг дээр хүрвэл support/resistance шиг буцна гэж ойлгож болохгүй. Энэ нь зүгээр л хэлбэлзэл их байгааг харуулж байгаа хэрэг. Трэндийн хүчийг мэдэхийн тулд өөр индикатортой хослуулж хэрэглэх нь зүйтэй.

MACD - Moving Average Convergence Divergence - Хөдөлгөөний дундажийн нийцэл ба зөрчил

Жералд Аппель гэдэг хүн зохиосон ба 26 болон 12 өдрийн EMA –ийн зөрүүг ашигладаг байна. Мөн 9 өдрийн МА-г гох шугам болгон ашигладаг. MACD нь гох шугамын доор огтлолцвол трэнд уруудах дохио болох ба, харин гох шугамын дээд талд огтлолцвол трэнд дээшээ өгсөхийн дохио болно.

Parabolic SAR

Энэхүү индикатор нь трендийн чиглэлийг харуулдаг. Үнийн муруй нь индикаторын шугамын дээр байвал трэнд дээшээ явж байна, харин доор нь байвал трэнд доошоо явахыг илэрхийлнэ.


Богино хугацааны арилжаа

Богино хугацааны трэндийг дагах нь

Трэнд ихэвчлэн яг нэг зүгт чиглэсэн байдаггүй. Support, resistance 2-ын дунд эргэж буцсан байх нь элбэг. Энэ хоорондох зайг trading range буюу арилжааны бүс гэдэг. Богино хугацааны арилжаанд доорх стратегийг хэрэглэж болно.

Арилжааны тохиргоо (Trade Set-up)

Энэхүү стратегид 10 минутын болон 1 цагийн гэсэн 2 Time Frame болон 200тай Мoving Average, 14-тэй Stochastic ашиглана.

Алхам 1: Трэндийг тодорхойлох

2 график дээрх MA-г харьцуулан ажиглана. 2уулан дээр нь МА үнийн муруйны дээр, эсвэл доод талд нь байвал зөв трэнд мөн гэж үзэж болно.

Алхам 2: Орох цэгийг тодорхойлох

Трэнд тодорхойлсны дараа 10 минутын график дээр дараах 2 нөхцлийг шалгана. Дараа нь дараах 2 нөхцөлийг 10 минутын график дээр шалгана. Одоо доорх 2 нөхцөл 10 минутын график дээр давхцахад арилжаанд ороход тохиромжтой:

  1. Үнийн муруй МА-с дээш 20pip дотор байвал buy хийх боломжтой, эсвэл доор нь 20pip дотор байвал sell хийх боломжтой.
  2. Stochastic (%K) нь (%D)-ийн доор бөгөөд 20%-с доор байвал buy хийж болох ба, эсвэл дээр нь, тэгээд бас 80%-с дээшээ байвал sell хийх боломжтой.

Гэхдээ энэ 2 нөхцөл 2-уулаа давхцаж ижил дохио өгөх үед арилжаанд орох тохиромжтой мөч болно.

Алхам 3: Трэндийг дагах

Арилжаанд орсны дараа trailing stop буюу хүлээж болох алдагдалдаа хязгаар тавина. Хязгаарыг 200-тай МА-ынхаа нөгөө талд нь 10 pip зайд тавина. Өөрөөр хэлбэл дээшээ чиглэсэн трэндийн хувьд buy захиалга өгсөн ба алдагдлын хязгаарыг МА-с доошоо 10 pip зайд тавина гэсэн үг. Sell хийсэн тохиолдолд эсрэгээрээ.


Трэнд тодорхойлоход индикаторуудыг ашиглах нь

Трэндийн жинхэнэ эсэхийг шалгах нь

Дээрхтэй адилаар техник индикаторуудын хослолуудаар трэндийг шалгах аргууд байдаг. Трэндэд ихэвчлэн Макро-Эдийн Засгийн хүчин зүйлийн улмаас урт хугацааны чиглэлийн үүсэх ба олон улсын хөрөнгө оруулалтын урсгалын улмаас богино хугацааны чиглэлүүд үүсдэг.

Трэндийн шугамууд (Trendlines)

Support/Resistance-ийн тусламжтайгаар трэндийг урьдчилан тодорхойлоход дөхөмтэй байдаг. Өмнө дурьсанчлан, Resistance нь трэндийн дээд хязгаар, харин support нь доод хязгаарын үүрэг гүйцэтгэдэг. Хэрэв үнийг муруй хязгаарыг даван гарвал трэнд тэр зүгт үргэлжилнэ гэдэг.

Өмнөх графикаасаа хараад трэндийн шугамууд зурах нь амархан. Харин тухайн трэнд цаашид үргэлжилэх эсэхийг таах нь хэцүү байдаг.
Трэндийн шугамуудыг эхлээд урт хугацааны Time Frame дээр зурах хэрэгтэй (daily, weekly гэх мэт). Дараа нь Time Frame-ээ жижигрүүлээд зурна (1-4 цагийн гэх мэт). Ингэснээр та хамгийн чухал Support/Resistance түвшнүүдийг анзаарах боломжтой болох ба богино хугацааны трэнд дагаж явахдаа тэдгээр түвшнүүдийг анхааралдаа авч байх хэрэгтэй.

Чиглэлийн хөдөлгөөний индикатор - Directional Movement Indicator (DMI)

Ж.Уэллс Вайлдерийн боловсруулсан DMI нь трэндийг таах явдлыг багасгаж трэндийг шалгахад хэрэглэгддэг индикатор юм.

DMI систем нь 2 хэсэгтэй:

  • ADX (average directional movement index). Хэрвээ ADX-ын үзүүлэлт нь 20-с дээш байвал тогтвортой трэнд болохыг харуулна. Мөн түүнчлэн ADX нь трэндийн хүчийг бас хэмждэг. Үзүүлэлт өндөр байх тусмаа трэнд хүчтэй байгааг илэрхийлнэ.
    Мөн ADX нь трэндийн төгсгөлийг эрт мэдэхэд туслана. Үзүүлэлт нь хамгийн өндөр цэгээсээ доошилж эхлэхэд захиалгаа хааж DI+/DI- шинэ дохио өгтөл хүлээх хэрэгтэй гэж хэлж буй хэрэг юм.
  • DI+ and DI- шугамууд. DI+ нь дээш чиглэж DI-г огтлон гарвал Buy дохио болно. Эсрэгээрээ бол Sell дохио болно.
    Трэндийн төгсгөлийг зөв тодорхойлохын тулд ADX-ыг Parabolic индикатортой хослуулан хэрэглэх нь элбэг.

Богино хугацааны арилжаа хийх нь - Trading short-term

Дээр дурьдсан аргууд нь богино хугацааны шийдвэр гаргахад хэрэглэгдэж болох ба sideway болон ямар нэг трэндгүй байсан ч ашиглаж болно.

Гэхдээ, та богино хугацааны арилжаа хийж байгаа ч гэсэн урт хугацааны дүр зургийг хайхралгүй орхиж болохгүй. Урт хугацааны трэндийн эсрэг чиглэсэн богино хугацааны арилжаа хийхээс байнга зайлсхийж байх нь чухал!!!


Labels: