Шунал ихэдвэл шулам болно.
Энэ ертөнцөд таван бүлэг шунал байна. Эдгээр нь:
- дур булаам сайхныг нүдээр харах,
- таатай аялгууг чихээр сонсох,
- аятай үнэрийг хамраар мэдрэх,
- шүлс гоожим сайхан амтыг хэлээр мэдрэх,
- тааламжтай мэдрэмжийг гар /арьс/ хүрэлцэн мэдрэхэд үүснэ.
Энэ таван үүдээр биеийн таашаал шунал руу хөтлөгдөнө. Олон хүмүүс хойшид ирэх үр дагаварыг үл ойшоон энэхүү хүслээ гүйцээх гэж цэнгэлд умбана. Энэ нь ойн буга анчны урхинд ордог шиг шуналын цалманд лавтай орж буй хэрэг. Мэдрэхүйгээр дамжин гарах хүслийн таван үүд нь хамгийн аюултай хавх занга болно. Хүн энэ хавханд ороход сэтгэлд нь шунал үүсч зовж эхэлдэг. Өөрийн сэтгэлийг эзэмдэн захирч сурвал таван хүслээ хазаарлан зогсоож, сэтгэл нь номхорч, энэ насандаа жаргалтай амьдрах болно. Xүмүүс хувийнхаа эрх ашгаас болж нэр алдар, магтаалыг хүсдэг.
Гэвч нэр, алдар, магтаал гэдэг бол өөрөө шатаад дуусчихдаг хүжтэй адил юм. Хэрэв хүмүүс тэр нэр төр, магтаалын хойноос хөөцөлдвөл үнэний замыг алдана. Тэгээд л ноцтой аюулд учран удахгүй харамсан гашуудахад хүрнэ. Нэр төр, баялаг, мөнгөний хойноос хөөцөлдөгч хүн бол амтат баланд дүрсэн хурц хутга долоож буй хүүхэдтэй адил юм. Балны амтыг авмагц хэлээ зүсэх аюул учирна. Хүсэлдээ шунасан хүн хүчтэй салхины эсрэг бамбар барьж яваатай адил.
Галын дөл гар нүүрийг нь хуйхлах нь дамжиггүй. Шунал, мунхаг, уураар хордсон өөрийн сэтгэлд итгэж болохгүй. Сэтгэлийг дуранд нь туйлуулж болохгүй. Өөрийн сэтгэлийг барьж хүсэлд захирагдахгүй байх хэрэгтэй. Сайхан өнгө нь хараад сэтгэл минь эзлэгдэх нь хэмээн нүдээ ухаж авъя гэвэл тэнэг хэрэг болно. Хамгийн гол нь ухаанаа захирч чадах аваас шунал алга болно. Хүний амьдрал гэдэг бол бодлынхоо дагуу хөдөлж байдаг. Шуналын тухай бодвол шунал төрөх, үзэн ядах санааг төрүүлбэл улам хорсол буцлах, өшөө хорсолын зай өсвөл өшөө авах бодол төрнө.
Labels: